Диплом подкастын нэгдүгээр улиралд гарсан онцлох санаанууд

2021-03-12

“Диплом” подкаст нь өнгөрсөн оны 8-р сарын 28-с олон нийтэд цацагдаж эхэлсэн. Бид гадаадын томоохон их, дээд сургуулиудыг төгсөж, боловсролын салбартай холбогдон амжилттай явж буй залуусын мэдлэг туршлагаас хуваалцах энгийн зорилготой юм. Мөн тун удахгүй хоёрдугаар улирлаа цоо шинэ форматаар хүргэхээр бэлтгэж байна.

“Диплом” подкаст эхний улиралдаа нийт 10 зочныг урьж оролцуулсан бөгөөд аль болох олон салбар чиглэлийн хүмүүсийг оруулахыг хичээсэн. Тиймээс эдгээр хүмүүсийн өөрсдийн дугаар дээр онцолж хэлсэн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

В.Баярсайхан: Гадаадад сурах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй

Монгол залуусын гадаадад суралцах мөрөөдөлд нь санхүүгийн асуудал саад болох ёсгүй. Бид Дэлхийн топ их сургуульд тэнцэх нь чухал болохоос түүний төлбөрийг төлж чадахгүй гэдэг үгээр өөртөө хаалт үүсгэх нь орчин үед зохимжгүй.

Шилдэг их, дээд сургуулиудын хувьд зээл өгөх, тэтгэлэг олгох зэрэг олон боломжуудыг санал болгоно. Өөрөөр хэлбэл чи Oxford University, Harvard University-д тэнцсэн ч төлбөргүй гээд мөрөөдлөө хаях хэрэггүй гэсэн үг. Хэрэв та тэнцэж чадсан л бол тэдгээр сургуулиуд таныг орхихгүй. Суралцаж болох бүх боломжоор хангахыг хичээнэ. Тиймээс хүссэн сургуульдаа тэнцэх зорилгоо юун түрүүнд тавь.

П.Наранбаяр: Хүний хувьд зөв байх шийдвэр

Боловсролыг хүмүүс ихэвчлэн материаллаг талаас нь ярьдаг. Миний хувьд хүн дотоод сэтгэлийн угаасаа асар их хүсэж хийх ёстой зүйл гэж боддог. Хүсэл гэдэг хүнийг хөдөө бэлчээрээс Дэлхийн хөгжил руу хөтлөөд ирэхээр хүчтэй зүйл. Тиймээс хүсэл байхад эрдэм, номын мөр хөөхөөр шийдсэн хүнд нас болон бусад зүйлс тийм ч чухал биш.

Диплом гэдэг зүйл дундад зууны үед байгаагүй. Энэ бол таны тэр топ их сургуулийг амжилттай төгссөний баталгаа. Тиймээс үүний үнэ цэнэ таны боловсролдоо зарцуулсан цаг, сурсан мэдлэгт оршино. Хэлбэрт нь хууртаж түүний хойноос сурах хэрэггүй. Топ их сургуулийг амжилттай төгсөнө гэдэг бас л чөмөг дундардаг ажил шүү.

Ц.Оюунгэрэл: Өөрийгөө хөгжүүлсэн 13,500 цаг

Хүн болгонд өдөрт 24 цаг оногддог. Үүнийг ямар ч томьёо зохиогоод өөрчилж чадахгүй. Тиймээс надад өдөр болгон зориулагддаг энэ цаг хугацаанд тааруулж би дүрмээ зохионо. Миний хувьд өдрийн 8 цагийг унтах, дараагийн 15 орчим цагийг ажиллах, хоол унд гэрлүүгээ харих гэх мэт зүйлсэд зориулдаг. Ингээд эцэст нь надад өөрийн мэдлийн 1 цаг л үлддэг. Үүнийгээ 17 наснаасаа өдийг хүртэл би дуртай зүйлдээ зориулж иржээ. Одоо ингээд бодоход 13,500 цагийг өөрийгөө хөгжүүлэхдээ зарцуулсан байна.

Үүний үр дүнд 12 ном бичиж, 2 хэл сурч, хүний эрх, хууль гээд бусад олон салбарын нарийн мэдлэгийг эзэмшжээ. Ингээд харахад энэ 1 цаг намайг одоогийн түвшинд хүргэхэд том түлхэц болсон хөрөнгө оруулалт гэж боддог. Тиймээс өөртөө жаахан ч гэсэн цаг хугацааг зориулж байгаарай.

Н.Ананд: Дээд боловсролын үнэ цэн

Миний хувьд бакалаврын түвшин 100 хувь мэдлэг олгох дээр төвлөрдөггүй юм шиг санагддаг. Харин дараах хоёр зүйлийг ойлгуулдаг.

  1. Хэрхэн суралцах арга барилыг олгодог: Жишээ нь би өглөө хэдэн цагт сэрээд яаж бэлдвэл шалгалтаа давж чадах вэ?, Лекцээ бичихдээ юун дээр анхаарах вэ?, Би яагаад энэ хичээл дээр муу авчихваа?, Одоо би цаашдаа яах вэ? гэдэг ч юм уу өөрийн арга барилыг тодорхой болгох цаг хугацаа гэж хардаг. Харин үүний дараа магистр, докторын зэрэгтээ жинхэнэ академик мэдлэгт ач холбогдол өгч суралцах нь зүйтэй.
  2. Дурсамж, хүрээллээ бий болгодог: Хүн ер нь амьдралдаа хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй үйлдэл дээ харамсдаг. Тиймээс бакалаврын цаг хугацаандаа хийхийг хүссэн бүх зүйлсээ хийж байгаарай гэж зөвлөе. Дурсамж бүтээж, өөрийн зөв хүрээллээ олж авах нь бакалаврын үеийн чухал үйл явдлуудын нэг юм.
https://www.youtube.com/watch?v=w6ZAE50uzD8&list=PLkdwo7gkYa66qBr9EoVcUM-f4ef8cHiNq&index=5

Хэрэв та “Диплом” подкастын дараах бүх дугааруудыг сонсохыг хүсвэл эндээс сонгоно уу.

  1. В.Баярсайхан: Гадаадад сурах амаргүй, гэхдээ тийм байх албагүй
  2. П.Наранбаяр: Хүний хувьд зөв байх шийдвэр
  3. А.Бямбажаргал: Чи юунд дуртай вэ?
  4. Б.Баярманлай: Сахилга бат эрх чөлөөг авч ирдэг
  5. Э.Бум: Хүслээ дагах зоригтой байгаарай
  6. А.Цолмонтуяа: Жижиг гэлтгүй хийж эхлээрэй
  7. Ц.Оюунгэрэл: Өөрийгөө хөгжүүлсэн 13,500 цаг
  8. Н.Номин-Эрдэнэ: Хятадын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн түүх
  9. Н.Ананд: Дээд боловсролын үнэ цэн
  10. Н.Ууганбаяр: Боловсролын охь болсон Англи улс